Бионүүрс үйлдвэрлээд карбоны нөхөн олговор авах боломжтой

“Өдрийн сонин” дугаар № 266 (3343)  огноо 2009.11.04 Сэтгүүлч Д. Оюунтуяа

Модны үртэс, малын өтөг бууц, навч мөчир зэрэг байгалийн гаралтай органик материалаар бионүүрс хийж туршиж эхэлжээ. Энэ талаар доктор Карл Фрогнертай ярилцлаа. Тэрээр “UB интернэйшнл” нэртэй төрийн бус байгууллага байгуулан ийм ажил эхлүүлээд байгаа юм байна.

Бионүүрс хийх талаар танайх ажиллаж эхлээд байгаа юм байна. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

Манайх хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, дэлхийн дулаарлыг бууруулах чиглэлээр ажилладаг. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бионүүрсийг хөрс сайжруулах зорилгоор ашиглах юм.

Бионүүрсийг олон төрлийн органик материал ашиглаж хийдэг. Төрөл бүрийн хатсан ургамал, малын өтөг бууц, байгалийн гаралтай хатсан түүхий эдийг хүчил төрөгчгүй орчинд нүүрсжүүлэхээр модны нүүрстэй төстэй зүйл гарч ирдэг. Үүнийг л бионүүрс гэж нэрлээд байгаа юм.

Яаж ашигладаг юм бэ?

Бионүүрсийг хөрсөнд хийхэд хөрсний үржил шим сайжирдаг. Ингэхдээ хоёр янзын ач холбогдолтой. Бионүүрсийг нэгдүгээрт, хөрсөнд хийснээр хөрсний ус тогтоолтыг ихээхэн сайжруулдаг. Хоёрт, хөрсний бичил биетнүүд амьдрах таатай орчин бүрддэг. Ойн түймэр гарсны дараа нэг хасэг ургамал сайн ургадгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй адилтган үзэж болно.

Хэдэн мянган жилийн өмнө Амозон мөрний хөндийд амьдарч байсан Америкийн индианчууд нүүрсийг хөрсөнд хольвол хөрсний үржил шим сайжирдаг юм байна гэдгийг олж мэдсэн байна.

Бионүүрсний бас нэг гайхамшигтай чанар нь нэгэнт хөрсөнд хийсэн бионүүрс 500-1000 жилийн турш задрахгүйгээр тэндээ хадгалагдсаар байдаг. Энэ чанарыг нь сүүлийн үеийн цаг уур судлаач эрдэмтэд, улс төрчид ихээхэн анхаарч, бионүүрс бол дэлхийн дулаарлыг бууруулахад тус дөхөм үзүүлэх чухал хэрэглүүр юм гэж үзэж байна. Яагаад гэвэл дэлхийн дулаарлыг үүсгэдэг гол хүчин зүйл нь нүүрсхүчлийн хий агаарт их хэмжээгээр хуримтлагдсантай холбоотой. Харин бионүүрс нь ургамалд агуулагдаж байгаа нүүрстөрөгчийг нүүрс хэлбэрт оруулан хөрсөнд хийж өгдөг. Ургамал амьд байхдаа нүүрс хүчлийн хийг өөртөө татаж шингээж авдаг. Тийм болохоор ургамлаар дамжуулан нүүрсхүчлийн хийг аваад хөрсөнд хийнэ гэдэг бол агаар дахь нүүрсхүчлийн хийг бууруулах маш сайн арга юм.

Тэгээд бионүүрсийг яаж хийдэг юм бэ?

Түүхий эдийг хүчилтөрөгчгүй орчинд нүүрсжүүлэх арга буюу пиролиз гэдэг технологийн дагуу бионүүрс үйлдвэрлэдэг. Өндөр хөгжилтэй орнуудад бионүүрс үйлдвэрлэдэг маш боловсронгуй машинууд байдаг. Ийм машинуудыг одоогийн байдлаар маш их хэмжээний түүхий эд хуримтлагдсан тохиолдолд л ашиглаж байна. Гэхдээ нэг газар маш их хэмжээгээр түүхий эд хуримтлагдсан нөөцтэй газар ховор байдаг. Харин бионүүрсний түүхий эдийн нөөц буюу органик хаягдлууд дэлхийн хаа сайгүй тогтмол бий болж байдаг. Хүмүүс үүнийг хог гэж л үзнэ үү гэхээс ашигладаггүй. Ийм учраас манай ТББ-ын зорилго нь эдгээр хаанаас ч олж болох багавтар хэмжээний хаягдлуудыг ашиглан тогтмол ажиллах боломжтой бионүүрсний бага оврын зуух зохион бүтээж, хэрэглээнд нэвтрүүлснээр аль болох олон хүнийг бионүүрсний үйлдвэрлэлд татан оролцуулах, үүгээрээ дамжуулан дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

Жишээ нь бидний зохион бүтээсэн 200 литрийн багтаамжтай торх ашиглаж хийсэн зуух байдаг. Үүнийг айл бүр ашиглан бионүүрс хийх боломжтой. Хөдөөгийн малчид малаасаа гарч байгаа өтөг бууцыг ашиглан бионүүрс хийж болно. Үүгээрээ малын бэлчээрээ тордож, өвс ургамлын ургалтыг нэмэгдүүлж болох юм.

Ойн нөхөн сэргээлт хийдэг хүмүүс бол модноосоо гардаг навч, үртэс, зоргодос зэрэг хаягдлыг ашиглан бионүүрс үйлдвэрлэж болно. Тариаланч, ногоочид ч тариа ногооныхоо хаяглыг ашиглаад бионүүрс хийж, талбайгаа тордох боломжтой. Ийм маягаар бионүүрсний үйлдвэрлэлээр дамжуулан хөдөө орон нутгийн хүмүүсийн амьдралыг сайжруулахаар зорьж байгаа юм. Хэрвээ малчид тариаланчид өөрсдийнхөө амьдралын хэв маягт дуртай, энэ ажлаа байнга үргэлжлүүлэх сонирхолтой бол бионүүрс үйлдвэрлэн амьдралаа дээшлүүлж болно.

Яаж дээшлэнэ гэж?

Бионүүрс үйлдвэрлэж хэрэглээд хөрсөө үржил шимтэй болговол өндөр үнэтэй бордоо худалдан авах хэрэггүй болно. Хоёр дахин бага ус, бордоо хэрэглээд хэвийн ургац бүр хэвийн хэмжээнээс өндөр ургац авах боломжтой. Тариаланчид арвин ургац хураавал орлого нь нэмэгдэнэ. Малчидын хувьд гэвэл, өнөө үед бэлчээрийн талхагдал, цөлжилтөөс хамаараад мал өсөх боломж хязгаарлагдаж эхэлж байна. Иймд, хэрвээ бионүүрс хэрэглэн  бэлчээрийн газраа тордвол малын идэш тэжээл сайжирснаар тарга тэвээрэг сайтай, олон малтай байх нөхцөл бүрдэнэ.

Бас дэлхийн дулааралтай холбоотойгоор дэлхий нийтэд нүүрстөрөгчийн нөхөн олговрын худалдаа гэдэг зүйл сүүлийн үед гарч ирсэн байгаа. Үүнийг  “carbon trading” гэж олон нийт нэрлэдэг. Дэлхийн дулаарлын гол шалтгаан нь аж үйлдвэрийн өндөр хөгжлийг дагасан нүүрс, газрын тосны хэрэглээтэй холбоотой. Цаг уурын өөрчлөлтийг зогсоохын тулд эдийн засгийн хөшүүрэг гаргаж ирсэн нь “carbon trading” юм. Нүүрс, газрын тос ихээр шатаадаг хүмүүс байгаль орчин сүйтгэж, агаар бохирдуулсныхаа төлөө тодорхой хэмжээний төлбөр төлдөг байх ёстой, энэ төлбөрийг хуримтлуулан агаарын бохирдлыг бууруулахын төлөө ажиллаж байгаа хүмүүст нөхөн олговор байдлаар олгодог байх ёстой гэсэн гол үзэл санаан дээр “carbon trading” тулгуурладаг. Тэгэхлээр, бионүүрс үйлдвэрлээд хөрсөнд булж байгаа хүмүүс бол агаар дахь нүүрстөрөгчийг бууруулах ажил хийж байгаа хүмүүс юм. Энэ хүмүүс ийм ажил хийснийхээ төлөө карбоны нөхөн олгвор авбал зохих юм.

Ямар журмаар ийм нөхөн олговорт хамрагдах боломжтой вэ?

Карбоны нөхөн олговрыг ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн зараад мөнгө олдогтой адилтган үзэх боломжгүй. Энэ ажлыг яаж зохион байгуулах вэ гэхээр эхлээд бионүүрс үйлдвэрлэн хөрсөнд хийдэг хүмүүсийг малчдын, ойн аж ахуй эрхлэгчдийн, фермерүүдийн гэх мэт нөхөрлөл бүлгийн зохион байгуулалтад оруулах шаардлагатай. Мөн эдгээр нөхөрлөл бүлгүүдийн үйлдвэрлэсэн бионүүрсний чанарыг шалгаж, хэмждэг байгууллага бас байх ёстой. Энэ жил эдний нөхөрлөл ийм хэмжээний бионүүрс газарт булжээ гэж хэмжин, данс тооцоог нь гаргаад, карбоны нөхөн олговорын арилжаа хийх хүсэлтэй байгууллага, хүмүүстэй холбоо барьж, тохиролцоо хэлцэл хийн, нөхөн олговор олж авах ба түүнийгээ агаарын бохирдлыг бууруулах ажил хийсэн хүмүүст дамжуулж өгдөг зуучлагч байгуулах шаардлагатай юм.

Тэр зуучлагч байгууллага нь танай байгууллага уу?

Тийм ээ, ийм зарчмаар ажиллах зорилготой байгаа. Одоо нөхөрлөлүүдтэй холбоо тогтоогоод явж байна.

Нөхөн олговрыг хаанаас олж өгнө гэж?

Өнөө үед дэлхий нийтээр цаг уурын өөрчлөлтийн тухайд санаа зовних болсон. Ийм учраас дэлхийн дулааралыг зогсоохын тулд улс бүхэн агаар бохирдуулагчдаас татвар авдаг болох тухай хууль боловсруулахаар дэлхий нийтээр хэлэлцэж зөвлөлдөцгөөж байна. Бас Киотогийн протокол байна. Киотогийн протоколд нэгдсэн орнууд агаарт ялгаруулж байгаа нүүрстөрөгчийн хийгээ төдий хэмжээгээр бууруулна, энэ амлалтандаа хүрэхгүй бол олон улсын гэрээний дагуу дэлхийн дулаарлыг бууруулах санд торгууль төлбөр төлнө гэж тохиролцсон байгаа. Үүнээс гадна өндөр ухамсартай хүмүүс аль хэдийн сайн дураараа зуучлагч байгууллагуудаар дамжуулан карбоны нөхөн олговорын арилжаанд оролцдог болсон байгаа.

Манайхан бионүүрс үйлдвэрлээд хөрсөнд булаад байя гэхэд та нар яаж нөхөн олговор олж өгөх вэ?

Карбоны нөхөн олговор олж авах маш олон арга зам байдаг. Carbon trading хийдэг байгууллага ч олон байдаг. Тэд өөр өөрсдийн дүрэм журмаар ажилладаг. Харин манай төрийн бус байгууллага бионүүрстэй холбоотой carbon trading хийнэ. Энд материаллаг зүйл худалддагтай адил зүйл болохгүй. Малчдаас ноос аваад түүнийгээ худалдаж байгаа бол тээвэрлэлт, хадгалалтын зардал гарах ба бүтээгдэхүүн биетээр худалдан авагчийн гарт очино. Харин бионүүрсний carbon trading–ийн үед ямар ч биет эд зүйл мөнгө төлж байгаа талд очихгүй. Манай байгууллагын хийх ажил нь зөвхөн хэдий хэмжээний бионүүрс үйлдвэрлэснийг бүртгэж, чанарыг хянан, газарт булсан гэдгийг гэрчлэх ажил байх учраас зардал ч бага гарна. Гэхдээ нөхөн олговрын мөнгийг өгөх байгууллага хүмүүс үнэхээр бионүүрс хийгээд хөрсөнд хийсэн үү үгүй юу гэдгийг баттай мэдэж байж санхүүжилтээ хийх учраас хяналт, зуучлалын тогтолцоогоо маш сайн зохион байгуулсны дараа л энэ талаар ярих боломжтой.

Ер нь carbon trading-ийн тухай ярихаасаа өмнө бионүүрсний ач холбогдлыг олон нийтэд таниулан дэлгэрүүлж, үүгээр дамжуулан хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Бионүүрсний ашиг тус нь –ээс олох орлогоос илүүтэй байгаль орчин, эрүүл хүнсний үйлдвэрлэл зэрэг салбарт шинэ мэдлэг туршлага нэвтрүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой. Эдийн засгийн ашиг гэвэл, хөрсөө бионүүрсээр бордсоноор химийн бордоогүй, эрүүл, өндөр ургац авах, бэлчээр сайжирснаар малын тарга тэлээвэр нэмэгдэх гэх зэрэг дам байдлаар ашигтай. Бид хамтран ажиллах нөхөрлөл бүлгүүд, хувь хүмүүст энэ талыг нь илүү ойлгуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа.

Сонирхолтой юм. Одоо эхэлсэн ажил юу байна вэ?

Би өнгөрсөн жилийн есдүгээр сард ирээд гурван сар Монголд байх хугацаандаа Хөдөө аж ахуйн их сургууль болон монголын гурван төрийн бус байгууллагатай бионүүрсний чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон. Яг тэр үеэр Олон улсын бионүүрсний Санаачлага ОУ ТББ-аас хөгжиж байгаа орнуудад бионүүрстэй холбоотой хөтөлбөр хэрэгжүүлье гэсэн санаачлага гарсан. Үүнд Монголыг төлөөлөөд төсөл бичсэнийг маань хүлээж аваад нэг сая мянган ам долларын санхүүжилт өгнө гэсэн боловч, санхүүгийн хямралаас шалтгаалаад хараахан санхүүжилт ирээгүй байна.

Өнгөрсөн хавар бид нар Монголын фермер эмэгтэйчүүдийн холбоотой хамтраад бионүүрс хэрэглэн төмс тарих туршилт явуулсан. Талбайд нь бионүүрснээс өөр ямар ч бордоо хийгээгүй. Тэгэхэд ургац %-иар нэмэгдсэн, хөрсний микро организмууд %-нэмэгдсэн үр дүг гарсан. Энэ ажлыг Австралийн засгийн газрын буцалтгүй тусламж хөтөлбөрөөс санхүүжилт авч хийсэн. Энэ бол маш их ач холбогдолтой туршилт болсон. Яагаад гэвэл өмнө нь Монголынхтой төстэй цаг уур, орчин нөхцөлд бионүүрс хэрэглэх туршилт хийгдэж байгаагүй. Ийм учраас энэ бол шинжлэх ухаанд оруулсан чухал хувь нэмэр болж байгаа юм. Бас нөгөөтэйгүүр энгийн хялбар тоног төхөөрөмж ашиглан бионүүрс үйлдвэрлээд, тогтвортой амьжиргааг дэмжих санаачлага гаргасан учраас энэ ажил маань амжилттай хэрэгжвэл бусад хөгжиж байгаа орнууд мөн энэ загвараар ажиллаж, дэлхийн дулаарал, цөлжилтийг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Ирэх хавар ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Бионүүрс ашиглан төмс тарих туршилт явуулсан гэж түрүүн ярьсан, тэр туршилтаа үргэлжлүүлнэ. Бионүүрсний нэг онцлог бол жирийн бордоотой адилаар жил бүр хөрсөнд хийх шаардлагагүй байдаг. Бордоог жил бүр хийх ёстой байдаг бол бионүүрсийг нэг л удаа газар булчихад жилийн турш хөрсөнд байдаг. Ийм учраас дараа дараагийн жилүүдэд хөрсөнд юу ч нэмж хийлгүйгээр төмс тарихад ургац адилхан өндөр байж чадах нь уу үгүй юу гэдгийг үзэх хэрэгтэй юм. Мөн төрөл бүрийн түүхий эд ашиглан бионүүрс хийж хөрсөнд турших бодолтой байна. цаашдаа хямд мөртлөө хэрэглэхэд эвтэйхэн тоног төхөөрөмж зохион бүтээх ажил явуулахаар төлөвлөж байна.

Бионүүрс үйлдвэрлэх ашиглах талаар сонирхож байгаа хүмүүс хаанаас зөвлөгөө авч болох вэ?

Монголын Фермер эмэгтэйчүүдийн холбоо, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нарт хандаж болно.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s